Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ аяныг дэлхий нийтэд 1991 оноос эхлүүлсэн.
Харин манай улсын хувьд 1997 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх санаачлан зохион байгуулж эхэлсэн тэр үеэс хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд ЖСХ-г устгахын төлөө нэгдэн ажиллаж байна.
Энэ жил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойтой давхцан, “UNiTE” аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг цахим хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулж байна. Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ойн энэ онд тохиож байна. Хороо нь түүхт ойгоо үр дүн, ач холбогдолтой тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон талт үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян юм.
Тус аяныг дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (ТАҮЖСХ) -тэй тэмцэхэд нэгдье” уриатайгаар өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд голлон анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин, ТАҮЖСХ-тэй тэмцэх, үйлдэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготой өндөр түвшний оролцоог хангахыг зорин ажиллаж байна.
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (ТАҮЖСХ) гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл нь цахим болон бодит ертөнцөд аль алинд нь нөлөөлж, дижитал платформыг буруугаар ашигласнаас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй асуудал юм.
Олон нийтийн анхаарлын төвд байдаг эмэгтэйчүүд, улс төрчид, сэтгүүлчид, идэвхтнүүд, өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд, охид зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн ТАҮЖСХ-д хамгийн их өртөж байна.
Өсвөр насныхан болон залуучууд ТАҮЖСХ-д онцгой өртөмтгий бөгөөд хязгааргүй онлайн ертөнцөд чөлөөтэй үйлдэгддэг хүчирхийллийн хэлбэрүүдийн хялбар бай болж, заримдаа өөрсдөө ч мэдэлгүйгээр хохирогч, эсвэл бүр үйлдэгч болох тохиолдол гардаг. Тиймээс Монгол Улс энэ жил ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ! уриатайгаар энэхүү аяныг тэмдэглэж байна.

